"Спортлог МУБИС" өдөрлөгийн нээлт боллоо


МУБИС-ийн “Оюутны хөгжлийг дэмжих жил" -ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй "Спортлог МУБИС" өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа 3-р сарын 15 нд  Спортын төв ордонд өргөн дэлгэр боллоо. Өдөрлөгийн арга хэмжээг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, Оюутны хөгжлийн албаны дарга доктор Г.Батсуурь нар нээж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, спортын алдартан тамирчид, оюутан залууст баяр хүргэн, спортын өндөр амжилт хүслээ. Нээлтийн үйл ажиллагаанд зориулан сумын заан болон залуу 128 бөхийн барилдаан болов. "СПОРТЛОГ МУБИС" өдөрлөгийн нээлтэд зориулан зохион байгуулагдсан бөхийн барилдааны: Түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, "Их Монгол" дэвжээний бөх Сумын заан Цэдэнсодномын Бямба-Отгон, Үзүүр бөхөөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Булган хангай" дэвжээний бөх Сумын заан Х.Нямдорж нар тодорч, Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Тодсайханы Төгсжаргал, Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ нар тус тус шөвгөрлөө. Бөхийн тайлбарлагчаар Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Улсын ахлах бөх тайлбарлагч Санжаагийн Гантөр ажиллав. Үндэсний бөхийн барилдааны тэргүүн бөхчүүдийн шагналыг МУБИС-ийн ахмад багш, МУ-ын Ардын багш, МУГТ, Улсын харцага Д.Сэрээтэр өөрийн шавь нар болох БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, Улсын арслан Д.Ганхуяг, Азжаргал, Улсын заан Ц.Магалжав, Т.Санчир нарын хамт гардуулж, баяр хүргэн амжилт хүслээ. Үндэсний бөхийн ирээдүйн аварга, арслангуудын залуу халаа болсон бөхчүүддээ талархал илэрхийлж, цолоо ахиулж алдартай тамирчид болохыг МУБИС-ийн нийт хамт олны өмнөөс хүсэн ерөөе. Өдөрлөгийн арга хэмжээнд  МУБИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Олимп, дэлхийд нэртэй, алдар гавьяатай тамирчин ахмад багш нар, тамирчид, үе үеийн төгсөгч улсын өндөр цолтой бөхчүүд, оюутан суралцагчдын төлөөлөл урилгаар хүрэлцэн ирж оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээг БТС-ийн багш доктор С.Ганцэцэг багштай Спортын сэтгүүлчийн ангийн оюутнууд сурвалжилан цахим ертөнцөөр дамжуулан шууд олон нийтэд хүргэж байв. Ингээд өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.