МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровт хүндэтгэл үзүүлэв


Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын энэхүү торгон босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагдсан МУБИС-ийн Багшийн сургуулийн ахмад төгсөгч, багш Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноровыг МУБИС-ийн удирдлага, ахмад багш, түүний шавь нарын төлөөлөл өнөөдөр 11.00 цагт МУБИС-ийн хичээлийн төв байрны 205 тоот эрдмийн танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Нэрт хөгжмийн зохиолч, Монголын ард түмний хайрлан хүндэлж явдаг уран бүтээлч МУАЖ Н.Жанцанноров нь 1967-1971 оны Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангийн төгсөгч ба оюутны ширээнээс (3-р курс) төрөлх Багшийн сургуульдаа багшлан ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрээр дурсамж яриандаа " ... Нэг мэргэжлийн 2 хүн нэг зарлигаар нэг өдөр БААТАР цол хүртэх нь ховор тохиолдол юм. Шарав бид 2 ижилхэн хөгжмийн салбарын хүн ч 2 өөр хүн юм. Б.Шарав маань уртын дуутай, европын хөгжмөөр бүтээл туурвилаа дагнан бүтээдэг бол би морин хуур, үндэсний уламжлалаараа бүтээлээ туурвидаг онцлогтой ... Анх би хөгжмийн шалгалт өгч байхдаа 2 өнгийг 10 өнгө байна гэж хариулж багшдаа энэ хүн огт хөгжмийн сонсголгүй нөхөр гэж дүгнүүлж байлаа... би хэдийгээр олон шагналын эзэн болж байгаа ч Жанцанноров би би өөрөө хэвээрээ л байгаа юм ..." хэмээн онцлон хөөрөлдсөн нь сонирхолтой бас дурсамжтай мөч байв. Ингээд төрийн дээд хайр хишгийг хүртсэн шинэхэн Хөдөлмөрийн баатар маань төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирж баяр талархлаа илэрхийлэн дурсамжаа хуваалцсан нь мартагдашгүй сайхан үйл явдал боллоо. Шинэхэн МУ-ын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.ЖАНЦАННОРОВ багшдаа МУБИС-ийн үе үеийн нийт хамт олон, эрдэмтэн багш нар, шавь нар, төгсөгчдийнхөө өмнөөс чин сэтгэлийн халуун баярыг хүргэн, цаашдынх нь хийж бүтээх уран бүтээлийн их үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөж, сайн сайхныг ерөөе.