"Сэтгэл судлал" сэтгүүл олон улсын ISSN дугаартай болов


МУБИС-ийн СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ-өөс эрхлэн гаргадаг СЭТГЭЛ СУДЛАЛ онол аргазүйн сэтгүүлийн 2019 оны нэгэн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаараас эхлэн тус сэтгүүл олон улсын ISSN дугаартай болж байгаа нь онцлог баяртай үйл явдал болов. Тус төв нь оюутан суралцагчид ба иргэдэд тал бүрийн сэтгэлт зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч байгууллага, хамт олны хүсэлтээр сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн олон төрлийн оношлогоо хийж, зөвлөн туслахын зэрэгцээ, үндэсний хэмжээнд нас насны хүмүүсийн сэтгэл судлалын судалгааны ажил хийж байна.Төвийн эрхлэгчээр сэтгэл судлалын ухааны доктор, дэд проф.М.Хишиг-Ундрах, мэргэжилтэн багшаар сэтгэл судлаач А.Баярхүү нар ажилладаг. Тус төв нь сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний зэрэгцээ суралцагчид, иргэдэд зориулан онол арга зүйн олон бүтээл хэвлүүлж, зохиогчийн эрх авсны нэг бүтээл нь тус СЭТГЭЛ СУДЛАЛ сэтгүүл билээ. Энэхүү сэтгүүл нь Хүүхдийн сэтгэл судлал, Танин мэдэхүйн сэтгэл судлал, Бие хүний сэтгэл судлал, Гэр бүлийн сэтгэл судлал, Нийгмийн сэтгэл судлал, Боловсролын сэтгэл судлал, Орчуулгын булан, Зочны булан, мэдээ мэдээлэл зэрэг олон сонирхолтой булангуудтай. Ингээд СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ-ийн хамт олон, сэтгүүлийн редакцын бүтээлч хамт олондоо ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе. Тус төвөөс зөвлөгөө, үйлчилгээ авахыг хүсвэл: 99087640, 99265553 дугаарт хандах боломжтой.

Т.Дуламрагчаа