Орон нутгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид онлайн уулзалтад оролцов


МУБИС-ийн МТЗСА-ны Зайны сургалтын төв, БҮТ-тэй хамтран 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын талаар онлайн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг уулзалтад МУБИС-ийн харъяа ЕБС, Архангай аймгийн 1, 2, 3, 4 дүгээр сургууль болон спортын бүрэн дунд сургууль, Завхан аймгийн Чандмань Эрдэнэ лаборатори сургууль, Жавхлант цогцолбор сургууль, 3, 4-р сургууль, Ховд аймгийн Прогрес, Цаст Алтай цогцолбор сургууль, 1,2 болон 6 дугаар сургуулийн төлөөлөл бүхий нийт 161 сурагчид хамрагдлаа. 

Онлайн уулзалтаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад нэн хэрэгцээтэй байгаа мэдээллийг шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилго дэвшүүлсэн бөгөөд БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог, зохион байгуулалт, сурагчид өөрсдийн сонгосон мэргэжилдээ нийцүүлэн шалгалтын төрлөө сонгох, шалгалтын үр дүнгийн  “Ухаалаг тайлангийн систем”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 
Сурагчдаас монгол хэл бичгийн шалгалтын материалыг хэрхэн засдаг, үнэлгээний даалгавар боловсруулахад сурах бичигт суурилдаг эсэх, улсын хэмжээнд урьдчилсан байдлаар сурагчдын авах оноог ямар аргачлалаар тооцдог зэрэг олон асуулт асууж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Цаашид МУБИС-д түшиглэн байгуулагдсан Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангайн багшийн сургууль, МУИС-ийн салбар Завхан сургууль болон Ховд их сургуулийн зайны сургалтын төвөөр дамжуулан ЕБС-ийн сурагчид, эцэг эх, олон нийтэд хандсан цуврал онлайн уулзалт, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдах болно.