МУ-ын Ардын багш цол хүртсэн Г.Лхаахүү багшдаа хүндэтгэл үзүүлэв


Монголын багш нарын YII их хурал нээлтээ хийсэн түүхт энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 63 тоот зарлигаар Монгол Улсын АРДЫН БАГШ цол хүртсэн МУБИС-ийн Багшийн сургуулийн ахмад багш, зөвлөх профессор Гончигийн Лхаахүүг МУБИС-ийн удирдлагууд хамт олон, гэр бүл, үе үеийн эрдэмтэн шавь нарынх нь төлөөллийн хамт хүлээн авч ХҮНДЭТГЭЛ үзүүллээ. Бадрангуй алдарт хэмээх 100 аад жилийн түүхтэй Багшийн сургуулийн багш нараас анх удаа энэхүү хүндэт цолыг хүртээд байгаа Ардын багшийгаа МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, дэд захирал профессор Д.Наранцэцэг болон багш нарын төлөөллийн хамт мөнгөн аягатай сүүгээ барин угтан авч, баяр талархлаа илэрхийлж үг хэлэв. Энэ үеэр түүний шавь нар, гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс болон ойр дотны хүмүүсийн төлөөлөл баяр хүргэн ирж, баяр бахдалыг хамтдаа хуваалцав. Үүний дараа төрөлх Багшийн сургуулийн захирал доктор Д.Дэлгэрсайхан, ХА-ны дарга доктор Б.Булган, Ахмадын зөвлөлийн дарга доктор МУГБ Ч.Цэдэнбал нар багш, шавь нарын төлөөллийн хамт сургууль дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Ардын багш Г.Лхаахүүгийн хичээл зааж байсан анги кабинетаар зочлуулж, оюутан залуустай уулзуулж ерөөл хэлүүлсэн юм. Монголын багш нарынхаа нэр алдрыг өндөрт өргөн төрийн дээд цолыг хүртсэн МУБИС-ийн "Хүндэт профессор", МУГБ, Ардын багш Г.Лхаахүү танд дахин баяр хүргэж, эрүүл энх, урт удаан нас, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.