“24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн багш нарыг чадавхижуулах нь” сэдэвт сургалт боллоо

МУБИС-ийн СӨБС-ийн Сургалт-аргазүйн төвөөс “24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн багш нарыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг нийслэлийн 15 цэцэрлэгийн нийт 260 гаруй бүлгийн болон туслах багш нарт зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь хүүхдийн сэтгэлзүйн онцлог, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй, хүүхэд хамгаалал болон эцэг эхтэй хамтран ажиллах талаарх багш нарын онол, арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн танхмийн сургалтаас гадна Ковид-19 цар тахлын үед цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдтэй байнгын харилцаа холбоо, хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор https://24kindergarden.blogspot.com блогийг нээж ажиллуулж эхлээд байгаа ажээ. Цаашид тус блогоор болон танхимын сургалтаар олж эзэмшсэн мэдлэг, мэдээллээ багш нар практик үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж буй болон тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд дэмжлэг үзүүлэхэд зөвлөн туслах юм.
Мөн энэ сардаа багтаан дээрх цэцэрлэгийн ажилчин, албан хаагчдад /тогооч, үйлчлэгч, нягтлан бодогч, нярав, харуул гэх мэт/ энэхүү сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 2020 онд МУБИС-ийн профессор багш нараас бүрдсэн судалгааны багийн хийсэн “24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ” сэдэвт судалгааны тайланд ” ... Багш, эцэг эхийн хүүхэд хамгаалал, бага насны хүүхдийн асаргаа болон хөгжлийг дэмжих талаарх мэдээлэл, мэдлэг хангалтгүй, тэднийг сургалтад хамруулж мэргэшүүлэх нь үйлчилгээний чанарыг сайжруулах нэг чухал асуудал “ гэсэн дүгнэлт гарсан нь багш болон эцэг эхчүүдийг хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эхтэй хамтран ажиллах арга зүйд суралцахад нь дэмжлэг туслалцаа хэрэгцээ байгааг харуулсан байна. Энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд дээрх сургалтын зорилго оршиж байгаа нь бас нэгэн онцлог үйл явдал юм. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн БШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, МУБИС-ийн СӨБС, БоСС хамтран “24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ “ төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд сургалтад амжилттай хамрагдсан нийслэлийн 24 цагийн үйл ажиллагаатай Баянзүрх дүүргийн 63, Чингэлтэй дүүргийн 224, 73, Хан-Уул дүүргийн 28, Баянгол дүүргийн 94, Сүүхбаатар дүүргийн 54,106, Сонгинохайрхан дүүргийн 81, 78, 117, 116-р цэцэрлэгүүдийн нийт хамт олон болон сургалтыг зохион байгуулахад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Child Fund Korea болон нийслэл, дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгуулагуудад СӨБС-ийн Захиргаа болон Сургалт арга зүйн төвийн эрдэмтэн багш нарын өмнөөс талархал илэрхийлснийг дамжуулахад таатай байна. Бүх багш нартаа 2020-2021 оны хичээлийн жилд ажлын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа