НХУС-ийн ахмад багш Ц.Оюунд "Хүндэт профессор" цол хүртээв

МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн ахмад багш Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Оюунд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цол хүртээснийг гардуулах ёслол 2020 оны 6-р сарын 10-ны энэ өдөр төв байрны Эрдмийн танхимд боллоо. МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга доктор Д.Мандах "Хүндэт профессор" цолны өргөмжлөл, медалионыг гардуулан өгч баяр хүргэн сайн сайхныг хүсэн ерөөв. Ахмад багш доктор (Sc.D), профессор Ц.Оюун нь боловсролын салбарт 50 гаран жил ажиллаж хөдөлмөрлөхдөө эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном сурах бичиг 330 гаруйг туурвин, Монгол хэлний заах арга зүйн асуудлыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ олон арван эрдэмтэн судлаачдыг бэлтгэн мэргэжлийн олон зуун шавь нарыг төрүүлэн гаргаж, багшийн хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсаар байгаа юм. Ингээд эрхэм хүндэт багшдаа хүндтэй цол хүртэж байгаад талархал илэрхийлэн ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч профессор Ш.Баттөгс эрдэмтэн багш нарын хамт баяр хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. "Хүндэт профессор" цол хүртсэн ахмад эрдэмтэн Ц.Оюун багшдаа МУБИС-ийн нийт хамт олон, үе үеийн ахмадууд, бүх шавь нар, гэр бүл үр хүүхдүүдийн тань өмнөөс халуун баярыг дахин хүргэж, сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа