"Төгсөлт-2020" арга хэмжээ боллоо

МУБИС-ийн Захиргаа, Оюутны алба хамтран 2019-2020 оны хичээлийн жилд Төгсөгчдийн дипломыг гардуулах арга хэмжээг 2020 оны 6-р сарын 15-ны өдөр МУБИС-ийн А312 танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн төгсөлт нь дэлхий даяар цар тахал тархсан онцгой цаг үед болж өндөрлөж байгаагаараа онцлог байна. Онцгой энэ нөхцөлд МУБИС-ийн нийт 450 гаруй эрдэмтэн багш нар 1300 гаруй хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэн 22900 контентийг бэлтгэн Сургуулийн удирдлага мэдээллийн систем /СУМС/ -ээр дамжуулан оюутнууддаа хүргэж ажиллав. Бүрэлдэхүүний 8 сургуулиас нийт 6300 орчим оюутан анги дэвшин суралцах болзлоо хангаж, 35 хөтөлбөрийн 57 мэргэжлээр 1755 оюутан ийнхүү амжилттай төгсөж, төлөөлөл болгон 7 бүрэлдэхүүний сургуулийн шилдэг төгсөгч 35 оюутанд диплом ромбыг гардуулах үйл ажиллагааг МУБИС-ийн удирдлагууд амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн МУБИС-ийн 220 оюутны төгсөлтийн бичиг баримтыг "Монгол шуудан" ХХК-тай хамтран зохих хаягийн дагуу шуудангаар илгээгээд байна. Диплом гардуулах ёслолын арга хэмжээнд МУБИС-ийн захирал доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал проф. Д.Наранцэцэг, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал проф. Ц.Бурмаа, Оюутны албаны дарга доктор  Г.Батсуурь, Боловсрол судлалын сургуулийн захирал дэд проф. Г.Цогзолмаа, МБУС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан нар Оюутны албаны мэргэжилтнүүдийн хамт хүрэлцэн ирж бакалаврын дипломыг гардуулан өгч баяр хүргэн амжилт хүсэв. 

Ингээд БАГШ хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийг амжилттай эзэмшин эх орныхоо өнцөг буланд очиж байгаа бүх төгсөгч нартаа эрдэмтэн багш нарынх нь өмнөөс ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.