БНХАУ-ын Боловсролын шинжлэх ухааны академийн судлаачдын төлөөлөгчидтэй Монгол Улсын Боловсролын их сургуулийн Ректор Ж.Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Б. Нямжаргал нар уулзаж, боловсрол судлал, багш боловсролын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус академийн Суурь боловсролын хүрээлэнгийн захирал, ахлах судлаач Li Tie’an, дэд судлаач Shan Zhiyan, Gao Bingcheng, туслах судлаач Wang Yixi, Liu Youpeng нар багтсан бөгөөд уулзалтад Монгол Улсын Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Содномцэрэн оролцов.
Уулзалтын үеэр төлөөлөгчид байгууллагынхаа үйл ажиллагаа, судалгааны чиглэлийг танилцуулав. БНХАУ-ын Боловсролын шинжлэх ухааны академи нь 85 жилийн түүхтэй, 300 гаруй судлаачтай бөгөөд тэдгээрийн 270 орчим нь боловсролын судалгааны чиглэлээр ажилладаг тэргүүлэх профессор, судлаачид юм. Төлөөлөгчдийн ахлагч Li Tie’an нь хичээл судлал, боловсролын бодлого, төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг бол бусад төлөөлөгч багш боловсрол, гэр бүлийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, боловсролын үнэлгээ, харьцуулсан боловсролын чиглэлээр ажилладаг байна.
Талууд тус академийн тэргүүлэх профессор, судлаачдыг МУБИС-д урьж, боловсрол судлал болон багш боловсролын чиглэлээр лекц уншуулах, мөн хамтарсан судалгаа хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.