Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь Германы Ruhr-Universität Bochum (RUB) буюу Бохумын Рурын их сургуультай 2015 оноос хойш хамтран ажиллаж, герман хэлний боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Германы Эрдмийн солилцооны алба (DAAD)-ны санхүүжилттэй Germanistische Institutspartnerschaft (GIP) буюу герман хэлний тэнхим хоорондын түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Хамтын ажиллагааны үр дүнд 2024 оны байдлаар:
- МУБИС-ийн 26 оюутан, 12 судлаач Германд суралцсан;
- Германы 23 профессор, туслах багш МУБИС-д ажилласан;
- Мэргэжил дээшлүүлэх 17 удаагийн сургалт, семинар зохион байгуулсан;
- МУБИС-ийн герман хэлний номын санг шинэчилж, сургалтын танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан.
Энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, олон улсын солилцоог өргөжүүлэх чиглэлээр Бохумын Рурын их сургуулийн төслийн зохицуулагч Николи Кауфмэн, МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, мэргэжилтэн Б.Нямжаргал, НХУС-ийн Англи, Герман хэлний тэнхимийн багш Д.Лхамхүү нар 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Бохумын Рурын их сургуулийн хэрэгжүүлж буй PiStEn төслийн хүрээнд МУБИС-ийг хамруулах, 2027 оноос оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж болон хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцов.
PiStEn төсөл нь олон улсын боловсрол, багшийн боловсролын чиглэлээр их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан, багш, судлаачдын олон улсын солилцоог нэмэгдүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Финландын Оулугийн их сургууль, Эквадорын PUCE, Испанийн Севильягийн их сургууль, Австрийн Грацын их сургууль, Польшийн Лодзийн их сургууль зэрэг олон улсын их, дээд сургуулиуд хамтран ажиллаж байна.
Тус төсөл нь 2025 оны нэгдүгээр сараас 2029 оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд Бохумын Рурын их сургуулийн Боловсролын мэргэжлийн сургууль (Professional School of Education) удирдан хэрэгжүүлж, Германы Эрдмийн солилцооны алба (DAAD) болон Холбооны Судалгаа, Технологи, Сансар судлалын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
PiStEn төсөлд хамрагдсанаар МУБИС-ийн оюутан, багш нарын олон улсын солилцоо, мэргэжлийн хөгжил, туршлага судлах боломжийг өргөжүүлэх шинэ нөхцөл бүрдэх юм.