БНХАУ-ын Чанчунь хотноо 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “Дорно–Өрнө: Багш боловсролын дэлхийн форум 2026” (Global East-West Forum on Teacher Education 2026, GEWTEF 2026)-д Монгол Улсаас хоёр эрдэмтэн оролцож, судалгааны илтгэлээ танилцууллаа.
Тус форум нь дэлхийн улс орнуудын боловсролын салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, багшийн боловсролын өнөөгийн хөгжил, тулгамдсан асуудал, шинэ чиг хандлага, олон улсын болон соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний үзэл санаа, судалгааны үр дүнгээ солилцох зорилготой юм. Уг форумд ОХУ, Герман, Англи, Финлянд, Австрали, Өмнөд Африк, Канад, Нидерланд, Франц, АНУ, Япон, Монгол, Хонконг (БНХАУ) зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Монгол улсаас доктор (Ph.D), дэд профессор Г.Цогцолмаа тус форумын салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, “Тогтвортой хөгжил ба насан туршийн боловсрол” (Sustainable Development and Lifelong Education) сэдвээр илтгэл тавив. Тэрээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон насан туршийн боловсролын харилцан хамаарал, ач холбогдлыг хөндөн авч үзэж, энэ чиглэлээрх Монголын судалгааны үзэл санааг олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт танилцуулсан байна.
Мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн академич, профессор Б.Жадамба тус форумд оролцож, “Монголын үйлдлийн философийг дэлхийн үзэл баримтлалд суурилсан багш боловсролтой уялдуулах нь” (Integrating Mongolian Action Philosophy into Global Perspective Teacher Education) сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Түүний илтгэлд Монголын философийн сэтгэлгээ, боловсролын уламжлалын онцлогийг орчин үеийн багшийн боловсролын үзэл баримтлалтай уялдуулах боломж, түүний дэлхийн багшийн боловсролын хөгжилд оруулах хувь нэмрийн асуудлыг авч үзсэн байна.
Монгол улсын хоёр эрдэмтэн тус форумд оролцсон нь Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарын судалгааны үр дүн, үндэсний онцлогт суурилсан академик үзэл санааг олон улсын түвшинд танилцуулах, гадаадын эрдэмтэн судлаачидтай мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү оролцоо нь Монгол Улсын багшийн боловсролын судалгааг олон улсын академик орчинд таниулах, дэлхийн багшийн боловсролын хөгжлийн чиг хандлага, туршлагаас суралцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.